Гэрээний үндсэн ба Стандарт нөхцөл хууль зөрчсөн үед гарах үр дагавар
Германы Иргэний хуулийн хэрэглээтэй харьцуулан судлах чухал заалтуудын нэгэнд гэрээний стандарт нөхцөл багтана. 1896 оны ИХ-ыг батлах үед Германд иргэн хүнийг бие даасан шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх чадвартай, үүнд төрийн зүгээс зохицуулалт хийн оролцох шаардлагагүй гэж үздэг байжээ. Энэ үүднээс хэлцлийн материаллаг агуулгад хяналт тавихаас ерөнхийдөө татгалзаж, зайлшгүй цөөн тохиолдолд Германы ИХ 134, 138-р (манай ИХ 56.1.1) заалтуудаар хяналт тавихаар болжээ.
Иргэд бүхэлдээ сурч боловсрон бие даах боломж нээгдсэн ч эдийн засгийн амьдралд талуудын эрх тэгш байдал онолоос зөрөх болов. Энэ нь эдийн засгийн хүчтэй этгээд буюу хэлцэл хийж мэргэшсэн тал нь хэлцлээс үүдэлтэй аливаа эрсдлийг эцсийн хэрэглэгчид нялзаах (Жиш: ИХ 202.2.8), “эрх тэгш” талуудын хэлэлцэн өөрчлөх боломжийг анхаарч хуульчилсэн хэм хэмжээг бүхэлд нь өөрчилснөөр хуулийн шийдлийг тодорхойгүй болгох гэх мэт гажуудлыг бий болгосноос харагддаг. Энэ байдлыг шүүхийн практикт удаа дараа авч хэлэлцсээр хуулийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэх явдалд шинэ жишиг тогтоосон нь эцэстээ Германы иргэний хуульд шинэчлэлт хийн гэрээний стандарт нөхцлийг хуульчлахад хүргэв. Ингэхдээ гэрээний стандарт нөхцөл нь хууль зөрчвөл гагцхүү уг нөхцөл хүчингүй болох зэрэг үр дагаврыг тусгайлан заажээ. Монгол улсын иргэний хуулийн 2002 оны шинэчлэлтэд энэ ололтыг шууд тусгасан нь эдийн засгийн оролцогчдын тэгш эрхийн зарчмыг социаль үзэл баримтлалтай нийцүүлсэн хэрэг байв…
Хэлцэл хийгч талуудын хооронд тэнцвэргүй байдал бий болох нь цаг хугацааны асуудал байсныг Монгол улсад тогтсон банкны зээлийн практик харуулж байна. Энэ байдалтай тэмцэхэд нэг талаас ИХ 56.1.1 нөгөө талаас гэрээний стандарт нөхцлийг хэрхэн ашиглах асуудлаар энэ өгүүллийг бичив.
- Гэрээний үндсэн нөхцөл хууль зөрчсөн үед гарах үр дагавар
а) Зээлийн гэрээний хувьд
Гэрээний үндсэн нөхцөл буюу үүрэг гүйцэтгэх дараалал ИХ 216-р зүйлийг зөрчсөн үед ИХ 56.1.1 -д заасны дагуу зээлийн гэрээ хүчингүй болох тухай асуултыг “Зээлийн гэрээний маргаан (2)” нэртэй өгүүлэлд хөндөж [2. е)] гарах үр дагавар нь Зээлийн гэрээ хүчингүй, олгосон зээлийг эргэн төлөлтөөс хамаарч ИХ 56.5, 492, 493 -д заасны дагуу нэхэмжлэл гаргах тухай шийдлийг товч танилцуулжээ. Үр дүнг товч хураангуйлахын зэрэгцээ бяцхан тодруулга хийвэл:
Зээлдүүлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа
“Зээлдэгч нь түүний № … тоот зээлийн дансанд олгосон … төгрөгийг уг дансанд эргүүлэн тушаалгах”
гэж гаргана (үүрэг гүйцэтгэх “газар”). Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн нөхцлийг хууль зөрчин тогтоосныг шүүх өөрийн санаачилгаар хянах үүрэгтэй* бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох “эрсдлээс” зайлсхийхийн тулд Зээлдүүлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад Нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчлөх нь зүйтэй:
“Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсныг шүүхээс тогтоох тохиолдолд Зээлдэгч нь зээлийн дансаар олгосон мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул уг дансанд олгосон дүнгээр эргэн төлөлт хийлгүүлэх”.
Өмнөх нийтлэлд нэгэн чухал дүгнэлтийг хийсэн нь, зөвхөн Зээлдүүлэгчээр хязгаарлалгүй, мөнгөн төлбөрийн авлагатай бүх нэхэмжлэгч нь маргааныг эцэслэн шийдэх хүртэл объектив хүүг — ИХ 222.5 — нэхэмжлэх эрхтэй тухай юм. Макро эдийн засгийн үүднээс эдийн засгийн бүх оролцогчдын хувьд алдсан боломжид нь “тохирсон” энэхүү объектив хүү нь зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээнээс өөр байх учрыг УДШ тэмдэглэдэг…
б) Барьцааны гэрээнд хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үзүүлэх нөлөө
Зээлийн гэрээ хүчингүй болоход зээлийн барьцаанд ямар үр дагавар бий болох нь эрх зүйн сонирхолтой асуултыг хөндөнө. Байж болох шийдэл нь нэг талаас барьцааны гэрээ нь зээлийн гэрээнээс шууд хамааралтай учраас мөн адил хүчингүй болох эсвэл барьцааны гэрээ нь Үндэслэлгүйгээр хөрөнгөө шилжүүлсэн “Зээлдүүлэгчийн” шаардлагыг хангах баталгаа болгон хэлцлийг тайлбарлах явдал юм. Германы шүүхийн жишигт 2 дахь шийдлийг дагажээ.**
2. Гэрээний стандарт нөхцөл хууль зөрчсөн үед гарах үр дагавар
а) ИХ 61.1 ба 202.5
Хэлцлийн гол нөхцөл хуульд харшилсан үед хэлцлийн үлдэх хэсэг нь хэлцлийг бүхэлд нь хүчингүй болгох үр дагаварт хүргэдэг (ИХ 61.1: “үлдсэн хэсэг нь хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ”). Үүгээр, хэлцлийн үлдэх хэсэг нь гэрээний зорилтыг хангана гэдэг нь эргэлзээтэй үед хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг илэрхийлсэн хэрэг. Түүнээс гадна, хэлцлийн үлдэх хэсэг нь хэлцлийн агуулгыг хадгалж үлдэхийг хэн нотлох үүрэгтэйг ч тодорхойлжээ (ИХ 61.1 дэх хэл зүйн илэрхийллийг эс анхаарч нотлох үүргийг тайлбарласан: Кают нар, Иргэний хуулийн тайлбар, 2015, 115-р талд).
Дүрмийн энэ тохиолдлоос хазайх тусгай заалтыг ИХ 202.5 илэрхийлдэг. Учир нь гэрээний стандарт нөхцөл хуультай зөрчил үүсгэснээр хүчингүй болсон үед гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр үлдэхийг ИХ 202.5-д заажээ. Тэгэхээр Зээлийн гэрээг ямар хугацаатай байгуулсан эсэх маргааны зүйл нь гэрээний гол нөхцөл эсэх эсвэл гэрээний стандарт нөхцөл байхыг тодорхойлсны дараагаар, нотлох үүрэг болоод үр дагаврыг тогтоох ажээ. Хэрвээ Зээлдүүлэгч нь гэрээг сарын хугацаатай байгуулахаар, харин хавсралтад 1 жилээр байгуулахаар бичсэн бол зээлийн гэрээний хугацаа нь гэрээний үндсэн нөхцөл болох нь дамжиггүй (ИХ 281). Иймд ИХ 201.1-ийг хэрэглэхгүй харин талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах замаар хэлцэл дэх зөрчлийг арилгана (Энэ үүднээс үр дүнгийн хувьд ижил боловч үндэслэлийг буруу хийсэн тухай: НИХДЗШШ-ийн 2017.06.06-ны 183/ШШ2017/01309 дугаартай шийдвэр).
б) ИХ 61.2 ба 202.5
Гэрээний Стандарт нөхцөл ба Үндсэн нөхцлийн харилцан хамааралд ИХ 61.2 ямар ач холбогдолтой вэ?
Хэл зүйн талаасаа ИХ 202.5 нь ИХ 61.1-р зүйлд хамаатай бөгөөд хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон хэлцлийн үлдэх хэсэг нь ИХ 202.5-д зааснаар “… бүхэлдээ хүчин төгөлдөр …” үлдэнэ.
Зохицуулалтын уялдааны хувьд: ИХ 202-р зүйлд “хууль зөрчсөн” зарим тохиолдлуудыг тусгайлан заасан нь (хэлцлийг хүчин төгөлдөр бус байх тохиолдлуудад хамаарахгүйгээс гадна) ИХ 56.1.1-д заасан хууль зөрчих тохиолдол болохгүй…
… үргэлжлэл бий…
Дээд Шүүхийн шийдвэрүүд:
*Хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийг шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хүссэн үр дагаварт хүрнэ (УДШ 2010.06.22, 17 дугаартай Тогтоолын 6.1). Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Учир нь хүчин төгөлдөр бус байсан тулЦаашлаад ИХ 61.2-р зүйлд хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн хувьд ИХ 202.5-д заасан нөхцлийг анхаарахаар заажээ…
**BGH Urt. v. 18.03.1968, Az.: VIII ZR 218/65 шийдвэрийг харьцуулна уу
…
…