Зээлийн гэрээний маргаан (2)
(түрүүчийг эндээс уншина уу)
…
2. Зээлийн гэрээний зарим заалтууд хүчингүй болох нь (Дээд шүүхийн 2020.04.16. №01 Зөвлөмжийн 3.в/)
ИХ 56.1.1 -ийг хэрэглэхдээ хууль зөрчсөн гэх шалгуурт нухацтай хандахыг Дээд шүүх зөвлөжээ. Зөвлөмжид авсан жишээ нь УДШ-ийн 2017.01.17-ны 001/ХТ2017/00040 дугаартай тогтоол бөгөөд үүнд зээлийн гэрээний талууд алдангийн хэмжээг хоногт 1 хувиар тогтоосон асуудлыг эцэслэн дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх алдангийн энэ хэмжээг хууль зөрчсөн гэж дүгнэж байжээ… Энэ асуудлыг тодруулахаас өмнө эрх зүйн харьцуулалтын бэсрэг судалгааг хийв.
а) Хэлцэл хууль зөрчсөн эсэхийг тогтооход уг хууль нь зохицуулалтын мөн чанараараа аливаа гэрээ хэлцэлд чиглэсэн байх шалгуурыг Дээд шүүх тавьдаг*. Тухайлбал, Банкны тухай хуулийн 16.1-д (одоогийн 17.1) өөрийн хөрөнгийн 20 хувиас давсан зээл олгохыг банкинд хориглосон нь агуулгаараа банкны системийн үйл ажиллагаатай холбоотой заалт гэж үзэх бөгөөд үүгээрээ зээлийн гэрээ байгуулахыг хориглоход чиглээгүй (“telos буюу агуулгын тайлбар”).
Хуулийн хэм хэмжээг зөрчихийг хориглосон нь (жишээлбэл Банкны тухай хууль) хэлцэл хийгч талуудын аль нэгэнд нь, эсвэл хоёуланд нь хамаатай эсэхээс хамаарч Германы шүүхийн практикт Иргэний хуулийн 134-р зүйлийг тайлбарлан хэрэглэж байна. Германы ИХ 134-р заалт нь манай ИХ 56.1.1-ийн эхний тохиолдол буюу хуулийн хэм хэмжээг зөрчиж хэлцэл хийхтэй ихэр заалт болно.
б) Германы шүүхийн практикт тогтсон жишгээр, хуулийн хоригийг хэлцэл хийгч талуудын аль алинд нь хаягласан бол уг хэлцэл ИХ 134-р заалтын дагуу хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Харин хэлцлийн зөвхөн нэг талд хориглосон бол хэлцэл хүчин төгөлдөр үлдэнэ. Мэдээж дүрмийн энэ тохиолдлоос хазайх явдал гарна. Тухайлбал, хэлцэл хийхийг зөвхөн нэг талд нь хориглосон боловч уг хэлцлийг хүчин төгөлдөр үлдээвэл, хуулийн хориглосон утга санаа, зохицуулалтын зорилт алдагдах эрсдэл бий болвол хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэх ажээ.
Дүрмийн тохиолдлоос хазайхын нэг жишээнд, германы Иргэний хэргийн дээд шүүхийн BGH III ZR 135/83 (1985.01.17) дугаартай шийдвэрийг авч үзье: Холбооны улсын хэмжээнд мөрдөгддөг аж ахуй эрхлэгчийн тухай хуулийн 56-р зүйлийн 1-р цогцолборын 6 дугаарт зээлийн гэрээ хийхэд зуучлах хоригийг хуульчилжээ. Хоригийг суурин аж ахуй эрхэлдэггүй этгээдэд бус харин түүнийг бусадтай зээлийн гэрээ хийхэд зуучлах этгээдэд хаяглажээ. Ийм зуучлал хийсэн үед зуучлалыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх нь туршлагагүй аж ахуй эрхлэгч голцуу ийм хэлцлээс үүдэлтэй “далд зардлуудыг хожимдсон хойно” анзаарах учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээс аргагүй гэнэ. Зээлийн гэрээнд зуучлах санал авсан хөдөлгөөнт аж ахуй эрхлэгч нь бизнесийн үйл ажиллагаандаа илүү анхаараад өөрийн мэдэхгүй санхүүгийн бүтээгдэхүүн зэргийн талаар судалж шийдвэр гаргах боломж сул байдаг явдлыг бодолцож, хамгаалах тухай энэхүү үндэслэлийг эрх зүйн бодлогын тайлбарт тооцдог…
в) Эндээс эргэцүүлбэл, Дээд шүүх* нь Банкны тухай хуулийн 17.1-д заасан хоригийг Германы дүрмийн тайлбар утгаар хэрэглэжээ. Учир нь хэлцэл хийгч талуудын зөвхөн нэг нь (зээлдүүлэгч) хуулийн хоригийг зөрчвөл хэлцлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Дүрмийн тохиолдлоос хазайх тусгай тохиолдол буюу хэлцлийн нэг тал нь хуулийн хоригийг зөрчсөн ч хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Германы жишээнээс тодруулъя. Тухайлбал, өмгөөлөл хийх эрхгүй этгээд гэрээгээр зөвлөх үйлчилгээ явуулсан бол гагцхүү түүнд хуулийн хориг хаяглагдсан ч зөвлөх үйлчилгээний гэрээ хүчин төгөлдөр бус байх ажээ. Цаашлаад эмч, хуульч гэх мэт мэргэжлийн этгээд нь үйлчлүүлэгчид гаргах шаардлагаа түүний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлбэл бусдын хувийн нууцыг хамгаалсан Эрүүгийн хуулийг зөрчих тул хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ажээ (Германы ИХ 402-р зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлэгч нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжсэн эрхийн (үүргийн) тухай бүх мэдээллийг гаргаж өгөх нь үйлчлүүлэгчийн нууцыг задлах ажээ).**
МУ-ын ИХ 123.2-т “хуульд харшлах бол шаардах эрхээ шилжүүлж болохгүй” гэж заасан хоригийг сая дурдсан жишээнд ИХ 56.1.1-д заасан хууль зөрчсөн хориг гэж дүгнэхийг үгүйсгэхгүй…
г) Иргэний хуулийн тайлбарт*** хуулиар хориглох гэдэгт тодорхойлолт өгөхийг эрмэлзсэн ч ойлгомжгүй болгожээ. Үүнийг Германы иргэний хуулийн нэгэн тайлбараас**** санаа аван, өөрчлөн найруулахыг эрмэлзэв:
Формаль хууль болон хэм хэмжээний актын зохицуулалтын утга санаа нь талуудын хийсэн хэлцлийн агуулга, зорилготой тэмцэхэд чиглэсэн бол тэднийг хууль зөрчсөн хэлцэл хийсэн гэж үзэж болно. Хэлцлийн агуулгаас бусад дагавар нөхцөл буюу хэзээ, хэрхэн хэлцэл хийсэн тухай асуудал нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх асуудлыг хөндөхгүй.
Жишээ нь, корона вирусын халдвараас сэргийлэх зорилгоор “тэг зогсолт” (“Lock Down”) хийсэн үед зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зөвшөөрөх үед хоригийг зөрчин өөр зүйл худалдан авсан цөөн тохиолдолд ИХ 243-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь утгагүй...*****
д) Алдангийн хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэх
Энэ өгүүллийн эхэнд цухас дурдсан Дээд шүүхийн зөвлөмжид авсан жишээнд талууд алдангийн хэмжээг хоногт 1 хувиар тооцох тухай маргааныг эргэн саная. ИХ 232.6-д заасан алдангийн дээд хэмжээг зөрчсөн тул гэрээний холбогдох заалт ИХ 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна гэсэн дүгнэлтийг Давж заалдах шатны шүүх хийснийг Дээд шүүх дэмжсэнгүй. Дэмжихгүй гэсэн гол тайлбар нь тухайн төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой буюу хэлцлийн агуулга нь угтаа хуульд нийцэхгүй байх шаардлагыг Магадлал хангаагүй гэнэ.
Дээд шүүхийн үзэл баримтлал хийсвэр байх нь зүйн хэрэг боловч хэрэг шийдэхэд чиглэл өгөх шаардлагатай байна… Алдангийн хэмжээг хоногт 0,5 хувь байхыг зөвшөөрөх нь утгын хувьд үүнээс илүү хэмжээг хориглосон хэрэг билээ. Иргэний хуулийн тайлбарт хэтрүүлэн тогтоосон анзын хэмжээ нь хууль зүйн хориг талаасаа ИХ 56.1.1-д зааснаар хүчингүй байж болохыг бичжээ (Дэлгэрэнгүй: Кают нар, ИХТайлбар, 2015, 460 “232.4, 232.6 … (Дээд хязгаар)”).
Анз нь мөн чанарын хувьд хариуцлага тооцох хэрэгсэл буюу хоёрдогч үүрэг гэдэг. Иймээс энэ хоригийг зөрчих нь үндсэн үүргийн хувь заяа буюу зээлийн гэрээний үүрэгт нөлөөлөхгүй. Энэ үүднээс Зээлдэгчээр хариуцлага хүлээлгэхээр Зээлдүүлэгч нь хуулийн утга санааг зөрчиж хийж буй хэлцлийн агуулга угтаа хуульд нийцээгүй нь илт байна. Дээд шүүх зөвлөмждөө үүнээс илүү юуг шаардаад байгаа нь үнэнхүү ойлгомжгүй байгааг иймд цохон тэмдэглэх нь зүйн хэрэг…
ИХ 232.6 нь зөвхөн Зээлдүүлэгчид хаягласан хориг боловч түүнийг хууль зөрчих үед буюу анзыг хуулиар зөвшөөрснөөс өндрөөр тогтооход нь тус агуулгыг хүчингүй болгож байх практикийг бий болгохгүй бол Зээлдүүлэгч нь Зээлдэгчийн мөнгөний хэрэгцээг далимдуулан завших үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Цаашлаад бүх Зээлдүүлэгч энэ аргыг хэрэгжүүлэхээс Дээд шүүх сэргийлж бодлогын тайлбарыг хийх ёстой. Иймд хэлцэл хийгч талуудын зөвхөн нэгэнд нь хаягласан боловч хэлцлийг хүчингүй гэж үзэх тусгай тохиолдлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй…
е) Зээлийн гэрээний үндсэн нөхцөл хууль зөрчсөн үед хэлцэл хүчин төгөлдөр бус байх
Өнөөгийн зээлийн практикт эрх зүйн бодлогын тайлбарыг мөрдүүлэх нэгэн асуудал бол үүрэг гүйцэтгэх дарааллыг Зээлдүүлэгч нь хууль зөрчин тогтоох явдал юм. ИХ 216.4-т үүрэг гүйцэтгэхэд эхлээд үндсэн үүрэг, дараагаар нь хүү төлүүлэх тухай заасныг Зээлийн гэрээнд эсрэгээр нь тусгадаг. Энэ заалтыг банкны зүгээс зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой заалт мэтээр тайлбарладаг нь 216.4-т “шүүхийн зардал” гэсэн үгтэй хамт хам орчинд нь тайлбарлах оролдлого юм. Гэтэл 238.6-д үндсэн үүрэг, хүү, бусад зардал (нэмэгдүүлсэн хүү эсвэл алданги) зэргийг талууд харилцан тооцож дуусгах замаар хэлцэл хийвэл 216.4-т заасан дарааллыг баримтлах тухай хуульчилжээ. Энэ нь хуулийн уялдаа буюу системчилсэн тайлбар талаасаа банкны тайлбарыг үгүйсгэхийн зэрэгцээ үүрэг гүйцэтгэх дараалал нь үүргийн эрх зүйн ерөнхий анги утгаараа тусгай ангид заасан үүргийн бүхий л харилцаанд үйлчлэнэ гэж ойлгогдоно. Цаашлаад Иргэний хууль нь Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгддэг учраас үүрэг үүрэг гүйцэтгэх энэхүү концепцийг бусад хуулиар зөрчсөн бол холбогдох заалтууд нь хүчингүй болох ёстой (ИХ 2.1).
Шүүхийн практикт гэрээний үндсэн заалт хууль зөрчиж байгааг мэдсэн ч, зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байсныг тогтоон үр дагаварт нь Үндэслэлгүй хөрөнгөжсөн агуулгаар зохицуулалт хийдэггүй, харин зээлийн гэрээг хүчинтэй хэвээр үлдээн, хийсэн төлбөрийг хуульд нийцүүлэн төлүүлэн тооцох болсон (УДШ, 001/ХТ2017/00509, 4–5 дахь талд). Ийнхүү хууль зөрчсөн практикаа үргэлжлүүлэх дохиог Зээлдүүлэгчид өгсөөр ирэв. Зээлдэгчийн цөөн хувь нь шүүхэд хандах үед хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй санаачилгаараа залруулга хийх нь хэр удаан үргэлжлэх вэ? Шүүхийн практик ийм учраас банк мэтийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хуульч нар зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх явдлыг хуульд нийцүүлэн өөрчлөхийг эрмэлзэх нь байтугай үргэлжлүүлэхээр амтших нь аргагүй:
“Цөөн Зээлдэгч шүүхэдвэл шүүхэднэ биз, тэр үед нь шүүх зээлийн гэрээг хүчингүй гэж үзэхгүй, ихдээ л залруулга хийнэ, нөгөө талаас шүүхдэхгүй Зээлдэгчид олон байхад энэ практикийг өөрчлөх шаардлагагүй” …
ИХ 56.1.1 -ийн мөн чанар нь хэлцлийг хууль бус байсан гэдэгт дүгнэлт хийхийг шаарддаг. Энэ нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох дүгнэлтээс ялгаатай. Тухайлбал, ИХ 56.1.1-д заасан үр дагавар бий болгоход тусгай нэхэмжлэл гаргах албагүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардлагыг талууд гаргах үед талуудын тайлбарт баригдалгүй харин өөрийн саналаар шүүх хууль зөрчсөн үр дагаврыг шалган тогтоож байх ёстой. Хүний наймаа хийсэн эсвэл хар тамхи худалдсан үед хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдгийг шүүх өөрийн санаачилгаар тогтоох нь дамжиггүй…
Шүүхийн практикт хуулийн хэрэглээний ур чадварт энэ мэт ялгааг гаргаж тайлбарлах, зөвлөмж өгөх явдал ихээхэн дутмаг байна. Дээд шүүх хуулийн үг үсгээр хөөцөлдөхгүй харин бодлогын шийдвэрт анзаарч зөвлөмжүүдээ бичихгүй бол харанхуйд гэрэл авчирдаггүй, хуулийн утга санааг замхруулдаг газар болох нь…
… (үргэлжлэл бий)
*УДШ 2020.10.23. № 001/ХТ2020/00722
**Dieter Leipold, BGB I Einführung und Allgemeiner Teil, 4. Auflage, 2007, 294
***Ё. Кают нар, Иргэний хуулийн тайлбар, 2015, 93 дахь тал, 56.1.1 дэх заалт: Б. б/
****Palandt, Bürgerliches Gesetzbuch, 65. Auflage, 2006, § 134 Rdn. 5
*****харьцуулбал: Staudinger BGB, Eckpfeiler des Zivilrechts 2012/2013, 185
…