The Great Reset (Lock Down 1)

Nyambaatar Erdenejargal
20 min readNov 15, 2020

--

Covid19 үнэхээр аймшигтай цар тахал мөн үү? Италь Франц улсуудад энэ вирус олон хүний аминд шууд хүрсэн үү? Анх сонсоход цочролд оруулах мэдээ мөн боловч хүнийг үхэлд хүргэх шалтгаан нь яг юу байв гэдгийг тогтоох, корона вирусын халдвар аваад эмчилсээр байсан боловч хүмүүс олноороо үхэж байсан гэдгийн ард магадгүй таагүй баримтууд нуугдан үлдсэн биш байгаа гэх эргэлзээ явсаар. Миний хувьд ийм эргэлзээ лавширсаар бөгөөд үүнийг тайлахын тулд гадаад эх сурвалжаас зарим баримтуудыг олсноо ийнхүү сийрүүлэв.

  1. Корона вирусын халдвар авах гэдэг нь томуу, томуу төст өвчин тусахтай ижил зүйл, PCR-Test
  2. Корона вирусын халдвар авсан тохиолдол бүрт хүн өвчилдөггүй, үхдэггүй
  3. Олон хүн корона вирусээр үхэж байсан нь угтаа буруу эмчилгээнээс үүдэлтэй, цаашлаад үхсэн хүмүүст корона вирус илэрсэн нь тэднийг энэ вирусээр үхсэн гэж дүгнэхэд хангалтгүй, энэ бүх баримт нуугдмал үлдсэн бөгөөд мэдээллийн хэрэгслүүд нарийн учрыг гаргалгүй дэлхий даяар буруу мэдээлэл цацсан
  4. Ковид19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг дэлхийн төвшинд түрүүлж гартаа авах зорилготой “medical-industrial-complex” -ууд уралдах болсон
  5. Корона вирусын цар тахал гарсан шалтгаанаар нэгэнт хямрах нь гарцаагүй болсон эдийн засагт “Great Reset” хийх гэдгээр баруунд төвтэй Дэлхийн эдийн засгийн нээлттэй бодлогыг хамгаалж авч үлдэх сонирхолтой
  6. Вакцин хийлгэх үү, эс хийлгэх үү. Шийдвэр гаргахад өгөх зөвлөгөө

Эдгээр таамгуудыг тайлахын тулд Германы эмч Dr. Claus Köhnlein, Dr. Sucharit Bhakdi, Dr. Bodo Schiffmann, Dr. Wolfgang Wodarg, Dr. Klaus Püschel, Dr. Hendrik Streeck нарын ярилцлагыг үзэн эргэцүүлэв. Цаашлаад эдийн засагч эрдэмтдийн өнөөгийн дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа хямрал корона вирустэй хэрхэн холбогдож болохыг тодруулсан бөгөөд үүнд Германы эдийн засагч Dr. Markus Krall, Ernst Wolff, Dr. Маx Otte нарын ярилцлагад анхаарал хандуулав.

Анагаах ухаан ба эдийн засгийн харилцан хамаарлыг өнөө үед “Medical Industrial Complex” гэж нэрийдэх болсон бөгөөд үүний утгыг “Militarial Industrial Complex” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Dwight D. Eisenhower -ийн хэрэглэсэн нэршлээс [а] агуулгын санааг авах байдлаар хандан тайлж болно.

Товчхондоо, улс төр, эдийн засгийн харилцан хамаарал нь стратегийн үйлдвэрлэл дээр төвлөрч энэ нь эцэстээ төрийн гадаад бодлогыг тодорхойлох болсныг (Realpolitik) ийнхүү илэрхийлдэг байна. Тэгэхээр Ерөнхийлөгч Айзенхаур нь АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэл тус улсын гадаад бодлогод онцгой нөлөөлөх болсон гэдгийг энэ үгээр илэрхийлж байжээ. Гадаад улсууд өөр хоорондоо дайтахад зэвсгийн эрэлт хэрэгцээ үүсдэг бөгөөд энэ төрлийн бизнесийг хийж буй томчууд шатахгүйн тулд дэлхийг дайн дажинтай байлгахыг эрмэлздэг болсон нь улс төрд нөлөөлөхөд хүргэжээ. Энэ нь яагаад дэлхийд өнөө хэр дайн дажин дуусддаггүйн нэг тайлбар болно.

Анагаах ухааны салбарт ч ийм байдал нүүрлэжээ. Дэлхийд өнөөдөр ханш нь бараг унадаггүй хувьцааг анагаахын салбарт үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд гаргадаг. Тэд үйл ажиллагаандаа ДЭМБ -ыг уядаг бөгөөд үүний тулд аль нэг сангаар, засгийн газраар дамжуулан мөнгө хандивлахдаа судалгааны зорилгыг заадаг байна. Энэ нь сүүлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ДЭМБ -ын зөвлөмжөөр дэлхийд борлуулах үүдийг нээдэг байна. Үүгээр “Medical-Industrial-Complex” бий болсон ажээ.

Covid19 нь үнэхээр яаж ч болдоггүй гамшиг мөн бол онцгой байдал зарлах нь зөв гэдэгтэй маргахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ вирусыг ийм гамшиг гэж үзэхэд ихээхэн учир дутагдалтай байгаа нь шинжлэх ухааны баримт хангалтгүй байтал дүгнэлт хийх хийрхэлд автаж, иргэдээ массаар нь шинжилгээнд хамруулах, сорьц авч эрх чөлөөг нь хязгаарлах цаашлаад хүчээр вакцинд хамруулах компанит ажилд Монгол улсын засгийн газар нэгдэж байгаа нь харамсалтай. Энд сэтгэл хөдлөлөөр хандаж үзэл санаагаа муйхарлан тулгахыг огт хүссэнгүй гэдгийг болгооно биз ээ. Харин үүний оронд олон өдөр эргэцүүлж эрдэмтдийн ярилцлага, өгүүлэл зэргийг эшлэх замаар өөрийн бодлоор аливааг тунгаахыг эрмэлздэг хүмүүсийг сэрээх чин хүслийг өвөрлөсөн юм. Засгийн газраа буруутгаж байгаад эрх бүхий байгууллагынхан дургүйцэхээсээ өмнө мэдээллийн эх сурвалжид заасан эрдэмтдийн нөлөөгөөр Герман улсад өдгөө өрнөж буй дэлхийн хамгийн том эсэргүүцлийн дуу хоолой ямар учир шалтгаантай болохыг цухас боловч судлаж үзэхийг хүсье. Холбогдох эх сурвалжийг өгүүллийн төгсгөлд жагсаав.

1. Covid19 -ийн вирусын халдвар авсныг оношлох PCR-Test-ийн тухай, маск хэрэглэснээр уг вирусын халдвараас сэргийлэхгүй, харин ч тараах аюултай тухай

Германы иргэд сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй Ковид19 вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээг хүчтэй эсэргүүцэх боллоо. Туршлагатай эмч нар Ковид19 вирус нь анх Хятадын Ухань хотод илэрсэн хэлбэрээ өөрчилсөн, ингэж өөрчлөх нь вирусын гаралтай томуу, томуу төст үүсгэврийн нийтлэг шинж гэдгийг илэрхийлсээр. Тэдний эсэргүүцэж байгаа зүйл нь маск зүүх, PSR-Test гэх оношлуурт орох, удахгүй иргэдийг бүх нийтээр хүчээр вакцинд хамруулах гэж буй явдал юм. Германаас ялгаатай нь Монгол улсад эмч нар буюу мэргэжилтнүүд ил гарч ийм дуу хоолойг өргөхгүй байгаагаас, гадаад улсад болж буй энэ мэт үймээнийг хүмүүс лавшруулан үзэхгүй зэргээж болж иргэд бид харанхуй нийгэмдээ мэдээллээс хоцорч нэг л мэдэхэд вакцин турших объект болох нь (Вакцины сонголтын тухай: //gogo.mn/r/0x79g, Монгол улс вакцин авах төлөвлөгөө гаргасан, сонголтоо хараахан хийгээгүй тухай: Зууны мэдээ сонин, 2020.11.24 № 225 (6450)).

Үзэл суртлын маш хүчтэй ухуулга хийж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Жишээ нь маск хэрэглэх нь нийгмийн сэтгэл зүйд хандсан арга (“Manipulation”) тул маск хэрэглээд онцын үр дүн гардаггүйг нууцалж байна. Дэлхийд нэр хүндтэй сэтгүүлүүд хэвлэхээс татгалзаж байна. Жишээ нь “The Lancet”, “The New England Journal of Medicine”, “American Medicine Association Journal”. Дани улсад энэ оны 4, 5-р сарын сүүлээр хийсэн судалгааны арга бус харин үр дүнгээс шалтгаалан хэвлээгүй гэнэ. Цаашлаад хэвлүүлсэн судалгааг (“Annals of Internal Medicine”: //www.acpjournals.org/doi/10.7326/M20-6817) засгийн газар, эрүүл мэндийн яам зэрэг эрх бүхий байгууллагууд огт тоохгүй байгаа ажээ (https://corona-transition.org/randomisierte-studie-danmask-19-masken-schutzen-nicht-vor-sars-cov-2).

PCR-Test нэртэй дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн оношлох төхөөрөмжөөр юуг яаж оношлоод байгааг Монгол улсын мэргэжлийн байгууллагууд тодруулж байна уу?

Өдгөө PCR-Test гэсэн товч нэртэй болсон оношлох технологийг анх “Kary Mullis” гэгч эрдэмтэн 1983 онд бүтээсэн нь “Reverse Transkription Polymerase-Chain-Reaction (буюу RT-PCR)” гэдэг нэртэй. Энэ аргаар маш бага хэмжээтэй “нэгэн үлдэгдлийг” биотехнологийн нарийн аргаар “арай их хэмжээтэй” болгон өсгөж аван цаашид “юм хийх” боломжтой болдог байна. Тэгэхээр PCR технологийг нэгэн төрлийн реактор буюу өсгөх арга гэж хэлж болох нь. Корона вирусын оношлогоонд эхлээд вирусын ген бүхий зурвас материалыг (“Sequenz von Nukleinsäure”) олж авахаар хүнээс сорьц авах ба энэ дээж нь өчүүхэн тул PCR техникийг хэрэглэдэг байна. Гэтэл олшруулж авсан материалд Ковид19 вирусын материал байгааг яаж мэдэх билээ? Шаардлага хангасан багажийг хийж болно гэж үү? Технолигийг нь зохиосон Кary Mullis үгүйсгэж байв.

Хүний биеэс олж авч, ихэсгэсэн материалд Ковид19 -ийн вирус байгааг гарцаагүй нотлохын тулд харьцуулах материалтай байх ёстой. Одоо харьцуулж байгаа зүйл нь Хятадын Уханиас авсан, “Sars-CoV-2” нэртэй генийн код буюу ар араасаа залгаа бүхий 30 мянга орчим генийн материал ажээ. Хэрвээ хүнээс авсан сорьцоос SARS -ийн бүлд хамаатай бусад вирусын ген илрээгүй, цаашлаад Уханийн генийн кодод агуулагдсан материалын хаа нэгтээ “Sequenz”-ийн давхцал 2 удаа тохиовол 2 шинж тэмдгийг оллоо гэж үздэг байна. Цаашлаад олсон энэхүү 2 “Sequenz”-ийг биохимийн нарийн аргаар “гэрэлтүүлж” буюу ихэсгэх ажлыг хийнэ. Ихэсгэх тохиолдол бүрийг цикль гэж нэрлэх бөгөөд циклийн тооноос хамаарч олсон вирусын материалын хэмжээгээр эерэг, сөрөг гэсэн хариу гаргахаар “тогтжээ”. Тогтжээ гэсэн нь улс орон бүр “үзэмжээрээ” тус тусын циклийн тоог тогтоодогт оршино. Цикль олшрох бүрт вирусын материалын олдоц ихсэх нь мэдээж. Германы эпидемиологич Angela Spelsberg -ийнхээр PCR-Тестийн цикль 25-аас дээш бол ямарваа дүгнэлт хийх боломжгүй ажээ. Америкт циклийн тоог 40 гэж байснаа 30 болгосон гэх мэтээс эргэцүүлбэл, Хятадад халдвар авсан хүний тоо их байснаа яагаад огцом бага болсны шалтгаан ойлгогдоно. Энэ замаар төрийн зүгээс “бид халдварыг хяналтандаа авсан” гэх мессеж цацдаг байна.

PCR технологиор оношлох аргыг мэргэжилтнүүд олон талаас нь шүүмжилдэг. Дур зоргоороо циклийн тоог тогтоох нь ямар хийрхэлд хүргэхийг, мөн уг аргын ард логикийн алдаа байгааг тодруулах зорилгоор нэгэн хялбарчилсан жишээ авсныг мөн орчуулан хүргэе.

Тахиа маллаж байсан одоо тахиатай эсэх нь мэдэгдэхгүй ферм дэх тахианы нэгэн сууцаар жишээ татахдаа дотор нь байгаа эм тахиаг Ковид19-ийн вирусээр төлөөлүүлэн авч үзье. Сууцны модон хананы завсраар гэрэл тусгаж хартал тахианы нэг өд олдлоо (1-р цикль). Ахин тусгахад өөр өд олдлоо гэх мэтээр 25 удаагийн циклиэр төдий тооны өд олж харвал эм тахиа байх тухай дүгнэлт хийхээр тогттол хүссэн тооны өд олж харахгүй бол яах вэ? Циклиэ нэмэх үү? Цаашлаад өдний тоо хангалттай ч энэ нь тахиа уг сууцанд байгаа гэсэн үг биш. хэдэн сар, жилийн өмнө байсан байж болно. Байлаа гэхэд азарган тахиа, өндөглөгч тахиа аль нь болохыг мэдэхгүй… (эдгээрийг болон, бусад нарийн зүйлийг генийн эх сурвалжийн тайлбарын хамт: https://corona-transition.org/was-der-pcr-test-kann-und-was-nicht).

Ковид19-ийг оношлохоос гадна вакциний нөлөө, хор уршигт анхаарал хандуулах шаардлагатай. Туршилтийн үед хүүхдүүд өрөөл татанхай болсон, тархины гэмтэлтэй үлдсэн гэх мэдээлэл тарсан. Энэ үр дагаврыг вакцины төрөл зүйл, чанар, үйлдвэрлэгчийн технологиос шалтгаалан ялгаж ойлгох нь зүйтэй боловч Ковид19-ийн цар тахал гэдгээр халхавчлан бүх вакцин үйлдвэрлэгчид 12 жилийн тогтсон хугацааг богиносгон зөвшөөрөл авах болсныг мартаж болохгүй. Үйлдвэрлэгч, санхүүжүүлэгчид болон худалдаж авах улс орны удирдагчид аль хэдийнэ ханцуй дотроо ойлголцчихсон учраас вакцин борлуулах үйл явцад одоо саад байхгүй болсон тухай энэ нийтлэлийн 4 ба 5-д өгүүлэв.

Шинэ вакцин 90–95 хувийн амжилттэй гэдэг дүгнэлт нь PCR Тестээсээ долоон дор зүйл болохыг мэргэжилтнүүд ярьж байна (https://sciencefiles.org/2020/11/10/wogegen-schutzen-covid-19-impfstoffe-schutzen-sie-uberhaupt-ziehen-sie-sich-warm-an/). Юу гэсэн үг вэ?

Мэргэжлийн хүн биш тул нарийн орчуулга хийж амжсангүй. Тиймээс зөвхөн дүгнэлтийг хийе:

“Шинэ вакцин нь хамгийн түрүүнд хийсэн өндөр настай хүмүүсийг ямар нэг байдлаар хамгаална гэдэг нь батлагдаагүй, үхэх хувь хэмжээг ямар нэг байдлаар өөрчлөх нь баталгаагүй, түүний хэрэглээ нь худалдаж авсан үнэндээ тохирох эсэх нь эргэлзээтэй.”

2. Корона вирусын халдвар авсан ч хүн өвчлөх албагүй ажээ. Ялангуяа 65 наснаас доош насныханд эсэргүүцэх чадавхи биед нь байх учраас үхлийн аюулд хүргэхгүй гэнэ (Köhnlein) [б]. Гэхдээ 65 насаар хязгаар тогтоон үүнээс өндөр настнуудыг эрсдэлтэй гэж дүгнэхээс илүүтэй, хүнд өвчтэй, үр ачтайгаа ойр байдаггүй, дархлааны системдээ шинэчлэлт хийдэггүй хүн ийм эрсдэлтэй гэж ярьж байна (Dr. Bhakdi).

Dr. Bhakdi ярилцлагадаа америкийн “Stanford” -ийн их сургуулийн профессор John Ioannidis -ийн 2020.04.04 -ний статистикийг сануулжээ. Ковид19 тусан нас барсан гэгдэх хүмүүс нь үүгээр өвчилсний улмаас нас барсан уу (“an Covid”), эсвэл халдвар авсан ч өөр өвчний улмаас, цаашлаад буруу эмчилгээгээр үхсэн үү (“mit Covid”) гэсэн нарийн асуулт тавихыг дэлхий нийтээрээ ухаарахгүй тухай байв.

Проф. Ioannidis нь салбартаа нарийн мэргэшсэн, шинжлэх ухааны бүтээлд түүний статистик буюу бүтээлээс хамгийн их эшлэдэг, аливаа судалгааны алдааг илрүүлдэгээрээ зартай, үнэнхүү мэргэжилтэн хүн ажээ. Түүний статистикээр бол Ковид19-ийн тархалтын үеэр халдвар авсан 80 настай 10.000 хүний 2 нь энэ халдвар авсны улмаас өвчилж өнгөрөх ажээ. Dr. Bhagdi 4-р сарын 29-ны байдлаар энэ тооцоог 7 болгон залруулж Герман дээр жишээ авч тодруулсан нь:

Ердийн үед жилд 80 наснаас дээш 10.000 өндөр настны 1.200 нь өвчнөөр өнгөрдөг бөгөөд тэдний 10 хувь буюу 120 нь амьсгалын замын өвчнөөр өөд болдог байна [в]. Тэгэхээр Ковид19-ийн халдварын улмаас өөд болох 7 хүн, амьсгалын замын бусад өвчнөөр өөд болох 120 хүнтэй харьцуулан аюулыг нь тодорхойлох ёстой гэнэ.

Dr. Klaus Püschel ярилцлагадаа нэгэн сонирхолтой баримтыг дурдсан нь Ковид19 тусан өөд болсон хүмүүст Германы Robert Koch Institute (RKI), мөн ДЭМБ-ын зүгээс задлан шинжилгээ хийхгүй байхыг зөвлөж байсан хэрэг юм. Үүнийг Институтийн зүгээс задлан шинжилгээний үед халдвар авах магадлал өндөр (“aerosole”) гэж тайлбарлажээ [г]. Яагаад? Үхлийн шалтгаан нь өөр зүйлд байсан, задлан шинжилгээгээр илэрч магадгүй байв уу?

Dr. Püschel задлан шинжилгээ хийсэн 150 тохиолдолд стандарт хамгаалах хэрэгслийг (бээлий амны хаалт зэрэг) ашигласан бөгөөд халдвар аваагүй байна. Ковид19 нь тархинд гэмтэл учруулдаг, өрөөл татах, унах зэрэг хор уршиг үлдээдэг зэрэг ажиглалт хийсэн гэж эрх бүхий байгууллагаас мэдээлж буй боловч Dr. Püschel -ийн хийсэн 150 задлан шинжилгээнд тархинд ялихгүй өөрчлөлт ажиглагдсан гэхдээ эмчилгээний явцад өөр эм тарианы нөлөө орсон байхыг бодолцох хэрэгтэй, цаашлаад Ковид19 -ийг үүний шалтгаан гэдгийг огт тогтоогоогүй (боломжгүй?) гэжээ [д].

Германы эмч Dr. Hendrick Streeck нь ковид19 -ийн халдвар авсан хүмүүсийн гэрээс гадаргуугийн сорьц авч шинжилснээ дүгнэсэн нь “хэрвээ гар руугаа шууд ханиалгаад тэрхүү гараараа ямар нэг зүйлд хүрээгүй л бол ковид19-ийн халдвар авах боломжгүй”. Энэ дүгнэлтийг хийхийн тулд тэрээр судалгааны багтайгаа халдвартай хүний гэрт байх бүхий л зүйлээс сорьц авсан байна [з].

3. Корона вирусын халдвартай хүмүүсийг буруу эмчилснээс болж амиа алдаж дэлхий нийтийг цочролд оруулсан гэх чихэндээ ч итгэмээргүй, олон нийтэд гэхдээ бараг ил болгохгүй байгаа нэгэн сенсацийг Dr. Кöhnlein эргээн сөхжээ:

ДЭМБ нь корона вирус тархах үед эмчилгээний чиглэл өгөх зорилгоор дэлхийн хэд хэдэн улсуудад судалгаа (“Discovery, Recovery, Solidarity, Remap”) явуулжээ. Үүний нөхөн сэргээх үе шатыг (“Recovery Trial”) Британид түлхүү хийсэн ба Martin Landray гэх профессор удирджээ [е]. Энэ үед дэлхий даяар эмчилгээг ДЭМБ -ын заавраар хийж байсан бөгөөд халдвар авсан хүмүүст “Hydroxychloroquin” гэдэг бэлдмэлийг анхны тунг 2,4 граммаар эхэлж 10 өдрийн турш өдөрт 800 миллиграммаар үргэлжлүүлэх замаар хүртээсэн байна. 10 өдрийн дараа өвчтний цусан дахь Hydroxychloroquin -ийн хэмжээ 10 грамм болсон нь хордсон хэрэг байсан бөгөөд ийнхүү эмчилснээс болж өвчтний зүрхний хэмнэл алдагдан нас барах болсон байна.

Яг энэ эмчилгээг хийхтэй зэрэгцээд дэлхий даяар гэнэт Ковид19 -өөр өнгөрөх хүний тоо огцом өссөн. Гэхдээ үхсэн хүмүүсийн тоогоороо улс орнууд харилцан адилгүй байсан нь эмчилгээнд “Recovery Trial” ямар хувь хэмжээ эзэлж байсантай холбоотой.

Бразильд эмчилгээ эхэлснээс хойш 10 хоногийн дараа үхэх хүмүүсийн тоо огцом өссөн даруйд эмчилгээг зогсоож байв. Профессор Landray -ийн удирдлага дор ажиллаж байсан франц эмч өндөр тун хэрэглэх зааварт гайхан тодруулах санаатай лавлатал “Covid19 нь шинэ өвчин учраас үүнд тохирох тунг хараахан олоогүй ” гэсэн Landray угтаа “Hydroxychinolin” гэдэг бодисыг “Hydroxychloroquin” гэдэгтэй эндүүрсэн байжээ. Тэрээр асуусан эмчид тайлбар өгөх үедээ гэдэс гүйлгэх өвчний (“Amöbenruhr”) үед хийдэг эмчилгээнээс баримжаа авснаа хэлснээр уг эндүүрэл ил болжээ. Яг энэ эмчилгээг хийсэн цаг үе нь олон улсад хүмүүс огцом нас барах болсонтой давхацдаг байна. Энэ тухай мэдээллийг уг нь сэтгүүлчид шүүрэн авч шуугилддаг ч мэдээллийн хэрэгслээр бараг дурдаагүй нь гайхалтай. Ямар ч байсан тэр Франц эмч “Энэ өөрийгөө Doctor гээд байгаа нөхөр ямар ч чадваргүй, аймшигтай хүн байна” гэж шогширч байсныг Германы MDR сувгаар нэг орой хальт дурьдаад өнгөрсөн гэнэ [ё].

Юутай ч Hydroxychloroquin -ийн хэрэглэснээс үүдэх хор уршгийн талаар Дэлхий улс орнууд анхааруулж эхэлжээ [ж]. Өвчтэй гэж оношилсон хүмүүсийг буруу эмчилснээс олон хүн Нью Иорк хотын Elmhurst эмнэлэгт үхэж байсан баримтыг нарийн тайлбарын хамт галын шугаманд ажиллаж байсан сувилагч Erin Marie Olszewski ил болгожээ (https://www.youtube.com/watch?v=x6ak7n0zZdA). Түүний ярьсан аймшиг дундаас нэг зүйлийг онцлох нь амьсгалын төхөөрөмжид орсон хүн амьд гардаггүй тухай юм. Үүний оронд өөр эмчилгээ туршиж үзэхийг тус сувилагч санал болгоод дийлээгүй гэнэ (ECMO нэртэй амьсгалын дутагдалд орсон хүнд хэрэглэх 350 сая төгрөгийн төхөөрөмжийг нэг хүн бүрт хэрэглэх 37 сая төгрөгийн дагалдах хэрэгслийн хамт авахыг ДЭМБ -аас Монгол улсад зөвлөсөн тухай дам мэдээ: https://montsame.mn/mn/read/222236).

4. Ковид19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг дэлхийд түрүүлж хийхээр улайрах болсны жишээ буюу “medical-industrial-complex” -ын тайлбарт

Вакцин гаргаж авсан бөгөөд үйлдвэрлэлд хамтран нэвтрүүлэх гэж байгаагаа германы BioNTech болоод америкийн Pfizer компани олон нийтэд мэдээлээд удаагүй байна. Мэдээлэл тархмагц Pfizer компанийн хувьцааны ашиг 2021 онд 2,99 USD -оос 3,15 USD болж өснө, иймд хувьцаагаа хадгалах тухай зөвлөгөө дэлхий даяар тархав. Хэрвээ төлөвлөсний дагуу бүх зүйл явагдвал 2021 онд 650 сая вакцинийг дэлхийд борлуулах ажээ (10). Цаашлаад дэлхийн 7 тэрбум хүнд бүтээгдэхүүнээ хүргэнэ гэнэ (https://www.youtube.com/watch?v=083VjebhzgI). Вакцин гэхдээ зөвхөн Ковид19-өөр хязгаарлагдахгүй. Цаашид буюу ер нь хийхээр төлөвлөөд байгаа ДЭМБ -ын вакцины жагсаалтыг нэг үзэхэд гэмгүй (https://de.wikipedia.org/wiki/Coalition_for_Epidemic_Preparedness_Innovations).

Дэлхийд бүтээгдэхүүн нийлүүлдэг болох мөрөөдлийг улс төрчид, үйлдвэрлэгчид хаа сайгүй ярьдаг нь тус тусын “opportunist” сонирхолтой холбоотой. Дэлхийд эдийн засгийн ямар хууль үйлчилдэг болохыг ойлгосон хүмүүсийн эрмэлзэл гэвч тэднийг нэг л өдөр өөр хооронд нь ойртуулдаг, холбодог ажээ. Нэгэн жишээ авъя.

2016 онд Pfizer компани Билл & Мелинда Гейтсийн Сангаас 16,5 сая USD санхүүжилт авч байв (тогтсон жишгээр бол санхүүжилт авах гэдэг нь компанид хувь эзэмшихийг илэрхийлдэг). Тус компани 2018 онд германы BioNTech -тэй хамтрах болж 120 сая USD -ын урьдчилгаа төлсөн нь томуу төст өвчний вакциныг молекулын элчийн мэдээлэлд суурилсан технологиор (mRNA) бүтээх судалгаанд зориулсан хэрэг байв. Хэрвээ судалгаа амжилт олвол Pfizer 305 сая USD -оор үр дүнг нь худалдаж авах ажээ. Судалгаа явагдахтай зэрэгцээд маркетингийн ажлууд өрнөх нь мэдээж. Ялангуяа гадаад улсад хөрөнгө оруулах тохиолдолд (Pfizer компаниас Германд, Европын Холбоонд!) тухайн улсын, холбооны улс төрчидтэй холбоо тогтоох, улс төрийн дэмжлэг олж авах үүднээс томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулах буюу ашигладаг нь тогтсон жишиг юм. Үүний дагуу германы Берлин хотноо Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтын үеэр Pfizer USA компанийн тэргүүн гүйцэтгэх захирал (CEO) Albert Bourla, германы канцлер Ангела Меркель, ДЭМБ-ын ерөнхий захирал Тedros A. Ghebreyesus, тэрбумтан Билл Гейтс нар илтгэл тавьж үг хэлэх нэрээр уулзжээ. Уулзалтын үеэр Pfizer -ын герман дахь салбарын захирал Peter Albiez, өдгөө сенсаци дагуулаад байгаа Ковид19-ийн шинжилгээ авах PCR-Test -ийн төхөөрөмжийг германд хэрэглээнд нэвтрүүлэхэд гол үүрэгтэй оролцож буй вирус судлаач “гэгдэх” герман эр Christian Drosten нар дугуй ширээний ярилцлага өрнүүлжээ.(11). Харилцаа гүнзгийрсээр. Drosten өнөөдөр ад үзэгдэх болсон нь тэрээр 2009 онд гахайн томууны сенсацид хамтрагчийн хамт бизнес хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн, гэтэл одоо юу ч болоогүй мэт Coвид19-ийг оношлох PCR-Test зохион бүтээгээд дэлхий дахины хэрэглээ болгосных юм. Энэ тестийг эсэргүүцсэн хөдөлгөөн германд өрнөж байгаа нь улс төрчдийн буруу бодлого буюу Корона Тестийн цар тахлыг зогсоох зорилготой.

2019 оны 9-р сард BioNTech компани 100 сая USD санхүүжилтийг Билл & Мелинда Гейтсийн Сангаас авч халдварт өвчний судалгааны том эрдэмтэдтэй хамтрах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв. Хэлэлцээрийн дагуу урьдчилгаа болох 55 сая USD -ын санхүүжилт орж ирсний дараахан Билл Гейтс, Johns-Hopkins -ийн Их Сургууль болон Дэлхийн эдийн засгийн форум хамтран цар тахалтай тэмцэх сургуулилтыг (“The Event 201”) зохион байгуулжээ (энэхүү сургуулилт ямар учиртай зүйл болохыг доор тайлбарлав, түүнчлэн удаахь нийтлэлийг үзнэ үү).

Үүнийг уншаад ер нь цар тахалыг ашиглан бизнес хийх судалгаа эртнээс эхэлснийг, Ковид19 вирус энэ төлөвлөгөөнд гайхалтай зохицож байгаа нь сонирхол татах биз ээ. Миний хувьд Ковид19 гарсныг дуулаад BioNTech компанийг үүсгэн байгуулагч “Ugur Sahin” дэгдэх нь холгүй хөөрч гуяа алгадсан дүр зураг нүдэнд бууж байна. Тэрээр өнөөдрийн “өндөрлөгөөс” дурсамжаа хуваалцсан нь (12):

“… Business Insider: Корона цар тахал гараад 10 сар өнгөрлөө. Хүндхэн сарууд байсан, Таны хувьд бүр ч онцгой байсан байх. Уханьд вирус тархсан талаар анх сонсоод Танд ямар бодол төрөв?

Ugur Sahin: Би шинэ вирусын тухай „The Lancet“ сэтгүүлийн нэгэн өгүүллээс уншиж байсан юм. 2020 оны 1-р сарын 24-нд. Вирусын тархалт зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй, харин дэлхий дахинд түгэж болзошгүй юм байна гэсэн цочир бодол тэр үед шууд төрсөн. Яг энэ бодол л вакцин бүтээж дэлхий нийтэд “буян үйлдэх” мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол хөдөлгөгч хүч болсон…”

Билл Гейтс дэлхийн хүн амын эрүүл мэндэд санаа тавьж эртнээс аль найдвартай хүмүүсийг сонгож вакцин үйлдвэрлэн зах зээлд гаргах гэж оролдож байхад нь түүнээс том хандив авдаг ДЭМБ эсэргүүцсэн тухай мэдээ саяхан тарсан. ДЭМБ “Дэлхийн улс орнууд өөрсдөө шийдэг, бид зөвлөхгүй” гэх мэдэгдлийг хийсэн гэсэн санагдана. Яг энэ мэдээ тарахад төрсөн бодол маань, “ажлаа сайн мэддэг, гэхдээ улс тэр эдийн засгийн харилцааны талаар ямар ч ойлголтгүй нөхдүүд удирдлагын ажил хийхдээ ийм өнгөц мэдэгдлийг хийгээд гар хөл болон сууж байдаг байх даа” гэсэн гайхшрал байсан.

ДЭМБ нь өдгөө нийт санхүүжилтийн 80 хувийг хандиваар бүрдүүлэн үйл ажиллагаа явуулдаг, хандивлагч орнууд нь эм, тариа үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд борлуулдаг аварга компаниуддаа борлуулалтын зах зээлийг нээж өгөхийн төлөө мөнгөө “зорилго заан сайн үйлсийн төлөө” хандивладаг жишиг өнөөдөр тогтжээ. 2018–2019 оны байдлаар АНУ нь өргөсөн хандиваараа 1, “Билл & Мелинда Гейтсийн Сан” 2, Вакцин үйлдвэрлэгч “Gavi нэгдэл” 3, Их Британи 4, Герман 5-т тус тус жагсаж байв (https://www.tagesschau.de/faktenfinder/who-finanzierung-101.html). Нэгэнт Билл Гейтсийн сангийн хандиваас хамааралтай тул ДЭМБ нь түүний санхүүжилтээр босгож ирж буй бизнесээс татгалзахгүй нь илт.

Ковид19 -ийн вакцины үйлдвэрлэлээр жишээлэн дэлхийд бизнес ба улс төрийн глобаль хамаарлыг жишээ татан эргэцүүлэх явцдаа нэг л зүйлийг уншигчид (болдог бол Монголын ард түмэнд бүгдэд нь) ойлгуулах чин эрмэлзэл төрсөн нь дэлхийн ямар ч мундаг улс төрч, бизнесмен, технологийн нарийн мэргэжилтнүүд хүссэн хүсээгүй эдийн засгийн өсөлтийн хуулинд захирагддаг, энэ хуулийн гадна эмнэлгийн бүтээгдэхүүн хүртэл үлдээгүй болохыг ойлгуулах юм. Хэрвээ та хүний эрүүл мэндийн төлөө эм, тариаг үйлдвэрлэдэг болсон гэж итгэдэг бол дор дурдсан жишээг эргэцүүлээд нэг үзээрэй.

“Чадах нь өөрийгөө авраарай” гарчигтай, үүнийгээ өвчний системд оролгүй эрүүл үлдэх нь хэмээн тодруулсан Sven Böttcher гэдэг герман эрийн номноос хэсэгчлэн авав. Тэрээр “EMS” гэдэг оношлох эмчлэхийн аль аль нь тодорхойгүй нэгэн өвчин тусаад үүндээ шаналж явахдаа яагаад өнөөг хүртэл энэ талын судалгаа ийм дорой үлдсэний шалтгааныг өнөөгийн (Германы буюу барууны) эрүүл мэндийн тогтолцоотой холбон тайлбарлажээ.

“… Эм тарианы үйлдвэрлэл нь өдгөө эдийн засгийн хямралын ямар ч үед сөхөрдөггүй, борлуулалтын зах зээл нь үргэлж тэлж, эрэлт нь нэмэгдэж байдаг, нураахын аргагүй бизнесийн салбар болсон. Хүний эрүүл мэндийн төлөө гэх ариун зорилгыг итгэмтгий хүмүүст ярьж өгөөд тэднээр бизнесийн үр ашгийг үйрмэгийн алдагдалгүйгээр дээшлүүлж болдог цорын ганц бизнесийн салбар гэнэ (Böttcher 95-р тал)…

… 2014 онд гепатитис С вирусын өвчнийг эмчлэх “Harvoni”, “Sovaldi” гэх найрлагатай эмийг америкийн “Gilead” компани зах зээлд нийлүүлсний дараахан үйлдвэрлэгч болон санхүүжүүлэгч нарын хувьд толгой өвтгөсөн нэгэн таагүй баримт ил болсон нь уг эм нь өвчнийг үнэхээр эдгээх үйлчилгээтэй байсных ажээ. Санхүүжүүлэгч “Goldman Sachs” тэр даруй Gilead -ийн бизнесийн төслийг “урт хугацаанд тооцоолсон үр ашиг өгөхгүй” нь хэмээн харамсаж байв. Тэдний прогнозын дагуу 2015 онд АНУ-д хийсэн уг эмийн борлуулалт нь 12,5 бус харин дөнгөж 4 тэрбум долларт хүрчээ. “Goldman Sachs”-д анализ хийдэг Salveen Richter -ийн дүгнэлтэд Гепатитис С вирусыг эмчлээд эхлэнгүүт хүмүүс эдгэж, халдвар тарах нь багасч эмчилгээнд шаардлагатай бүтээгдэхүүний эрэлт огцом багассан ажээ. Иймд урт хугацаанд үр ашгаа тогтмол өгдөг, бага зэргийн эмчилгээний үр дүн нь борлуулалтын зах зээлд хохирол үүсгэдэггүй хорт хавдар мэтийн өвчнийг онилох шаардлагатай гэжээ …” (эх сурвалжийг 95–97-р талд).

ВioNTech -ийн хувьд Европийн холбооны зах зээлийг германы амбицаар баталгаажуулж чадсан нь том улс төрчидтэй ойр байж ирсэн, Билл Гейтсийн глобаль төлөвлөгөөнд зохицсоных гэдэг нь тодорхой (15). Билл Гейтсийн глобаль төлөвлөгөө?

Medical-Industrial-Complex -т Билл Гейтсийн өөрийн орон зайг бий болгосныг ДЭМБ-д өөрийн сангаар дамжуулан хандив өргөдөг, Европын холбооны хамгийн нөлөө бүхий улс төрчидтэй холбоотой, хамтдаа том хэмжээний арга хэмжээ (Дэлхийн эдийн засгийн форум, Мюнхений Аюулгүй байдлын конференц) зохион байгуулж ирсэн зэрэг баримтууд илтгэдэг. Далайд хөвөх мөсөн уултай харьцуулбал ил харагдах орой нь энэ юм. Нүдэнд харагдахгүй далд хэсэг нь юу бол?

5. Lock Down and Crash (and “The Great Reset”!)

Lock Down гэдэг нь хаах, хязгаарлах гэсэн утгатай. Харин Crash нь эдийн засгийн утгаараа системээрээ үнийн уналт үзэх буюу эдийн засгийн хямралд орохын нэр ажээ.

Ковид19 гэх нэн аюултай цар тахлын улмаас олон улсын хэмжээнд онцгой байдал зарласнаас эдийн засгийн эргэлт огцом саарч хямралд орлоо. Юу юунаас илүүтэй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухал, ийм учраас энэ хямралыг хэдий хүсээгүй боловч хүлцэн тэвчихээс яахав” гэсэн сэтгэлээр бид хандаж байна. Гэнэн гэмээр ийм бодолд үнэмшиж болно. Гэхдээ бодит тайлбар төсөөлснөөс өөр байж магадгүй юу?

Энэ асуултыг уншигч Танд тавьж байгаа нь дэлхий дээр өнөөдөр цөөнхи гэж ад үзэгдэх болсон “эсэргүүний эгнээнд (Conspiracy Theories)” хөл тавих гэж байгааг анхааруулах гэснийх. Нарийндаа энэ нийтлэлийг бичихэд эшлэсэн эрдэмтэд, судлаачдыг их бага ямар нэг хэмжээгээр хэдийнэ “эсэргүүний эгнээнд” оруулаад “битгий тэднийг сонс, унш, итгэ” гэсэн тамгаар тамгалчихсан юм. Хүний сэтгэлгээнд тогтсон ойлголтыг халахад ямар хүнд байдгийг, жишээлбэл дундад зууны шашны философийн номлолд шүүмжлэлтэй хандсаныхаа төлөө эсэргүү гэгдэж шатаалгаж байсан Бруно зэрэг эрдэмтдийн хувь заяагаар төсөөлөн уншигч авгай гадарлана гэж найдна. Нийгмийн сэтгэхүйд тэсрэлт авчирсан хүмүүсийг, жишээлбэл Дээдэс (Der Fürst) номоороо нийгмийг удирдах онолын ойлголтоос илүүтэй бодит, бохир улс төрөөс судлах нь үр дүнтэй болохыг сануулсан Machiavelli-г католик шашинтны тэргүүн пап лам чөтгөртэй зүйрлэж байв. Бодит практик ямар байгааг ил болгож бичсэний төлөө түүнийг ийнхүү эсэргүү болгож байжээ.

Hegel -ийн философиор бол дэлхийн түүх гэдэг нь сэтгэлгээний түүх, оюун санаа өөрөө өөрийгөө танин мэдэх процесс гэдэг. Философич тухайн үед төр гэдгийг Пруссын (Preußen) гэх мэт аль нэг улсаар төлөөлүүлэн авч үзэж үүнийг туйлын оюун санаа (absoluter Geist) гэж тайлбарлаж байв. Өнөөдөр өрнөж буй үл явдлыг харахад туйлын оюун санааг дэлхий глобаль удирдлагын дор орохтой холбон эргэцүүлэх ёстой ажээ. Эсвэл философич Hobbes -ийн онолд тулгуурлан “Great Reset” хийх үйл ажиллагааг буюу улс төр, эдийн засгийн тоглогчдын глобаль нэгдлийг “Leviathan”-аа бүтээхтэй зүйрлүүлэх үү? Миний хувьд улс төр, эдийн засгийн харилцан хамаарлыг цаашлаад хэвлэлийн хамаарлыг өөр өнцгөөс судлаж ирсэн, энэ явцдаа шүүмжлэлт байр суурийг нийгмийн хөгжилд том импульс өгдөг болохыг, ер нь эрүүлжих үйл ажиллагааны нэгэн салшгүй хэсэг болоход итгэжээ. Өдгөө “Russia Today”, “KenFM”, “Corona-Transition” зэрэг “alternative” мэдээллийн сувгуудыг интернет ашиглан сонсовол аливаад хөндлөнгийн байр сууриас хандах суурь болсон мэдээллийг олж авахыг энэ далимд сануулмаар байна. Хүн аливаад хандахдаа бүх зүйлээс ангид, огт хөндлөнгийн хүний нүдээр харж чаддаггүй нь түүний хүмүүжил, үнэт зүйл, итгэл үнэмшил — идеологи, тэр ч атугай сүргийн араншин буюу нийгмийн хүрээллийн хэм хэмжээнээс гажихгүй байхаас (гэр бүл, найз нөхөд, анги хамт олон, ажлынхан, улс орноороо гэх мэт) шалтгаалдаг байна. Эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг хүн ихэнхидээ өөрийн өнцгөөс дүгнэдэг, нийгэмд өрнөж буй үйл явдал, тогтсон институт зэрэгт эргэлзээ авчрах тэс өөр зүйл, тайлбарыг хүлээж авахад бэлэн биш, “арай ч үгүй байлгүй” гэж эргэлзэхийг сэтгэл зүйд „Kognitive Dissonanz“ гэдэг ойлголтоор илэрхийлдэг байна. Хэрвээ онцгой байдал зарлаж буй улс төрчийг, удирдагчийг дэлхий дахинд өрнөж буй зохион байгуулалттай улс төр эдийн засгийн үйл ажиллагаанаас эхтэй, шинжлэх ухааныг хэрэгсэл болгосон суртал ухуулгын дайнд хаана яваагаа сэхээрэхгүй будилж явааг нь хэлбэл хэрхэн хүлээж авах бол?

Хүйтний улиралд томуу төст өвчин, хатгаа тусч нас барах буюу насны доройтол бүхий, хууч өвчтэй, хүмүүсийн харилцаанд байж дархлааны системээ шинэчилдэггүй хүмүүс томуу төст халдвараар илүү үхдэг нь статистикээр батлагдсан хэвийн зүйл, өнөөг хүртэл томуу тусахад Ковид19 мэтийн SARS -ийн төрлийн вирус хамт явсаар, мутацид орсоор ирсэн гэх үнэнийг Ковид19 -ийн цар тахал хэмээх улс төр, эдийн засгийн зохиомол жүжгээр үгүй хийх үзэл бодлын дайн ид өрнөж байгааг ийнхүү бяцхан дүгнээд цааш нь үргэлжлүүлье!

Ковид19-тэй холбоотой энэ маргаан бол угтаа Dr. Max Otte -ийн хэлснээр “Дайны өмнөх Дайн (Krieg vor dem Krieg)” юм. Аливаа дайнд (америкийн сенаторч Hiram Johnson -ын хэлснээр) хамгийн эхний хохирогч нь ҮНЭН байсаар иржээ. Тэгэхээр Covid19 -өөр үнэнийг золиослон хийх гэж буй жинхэнэ дайн нь “The Great Reset” юм. Энэ ойлголтыг Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Prof. Klaus Schwab “илүү ногоон, илүү ухаалаг, илүү шударга” гэх мэтээр сурталчлан, дэлхийн эдийн засгийг тогтоцыг “нураагаад” шинэ зарчмаар ахин босгож ирэхээр хамтдаа хөдлөе, үүнийг Ковид19 -ийн вакцинийг хийж эхлүүлье гэж уриалах болсон юм. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэх мэт чихэнд чимэгтэй нэр томъёо угтаа түүний суртал ухуулгын нэг хэсэг.

Ковид19-ийн вакцинийг дэлхийн 7 тэрбум хүнд хийхэд зориулж COVAX гэх байгууллагыг бий болгосон нь ДЭМБ, Gavi болон CEPI гэх аварга нэгдлүүдийн оролцооноос бүрдэж байна. Gavi нь ДЭМБ-д өргөдөг хандиваараа 3-т жагсдаг вакцин үйлдвэрлэгчийн нэгдэл (Allianz) гэдгийг дээр дурдсан. Вакцины нэгдэл Gavi-г үүсгэн байгуулагчид нь Билл & Мелинда Гейтсийн сан, Юнисеф (Unicef), ДЭМБ болон Дэлхийн банк юм. Үүсгэн байгуулагчдаас гадна 6 төрлийн гишүүдтэй бөгөөд тэднийг вакцин үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн сектор гэх мэтээр ангилна (https://www.gavi.org/our-alliance/about).

CEPI нь дэлхийд эпидеми гарахаас урьдчилан сэргийлэх ажилд инновици авчрах эвсэл гэнэ (“Coalition for Epidemic Preparedness Innovations”). Гишүүд нь Засгийн газрууд, ДЭМБ, Европийн холбоо, вакцин үйлдвэрлэгчид, хувийн санхүүжүүлэгчид нараас бүрдэнэ. Байгуулах шийдвэрийг анх 2016 онд Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гаргаж байсан нь вакцин бүтээх, санхүүжүүлэх зорилготой байв. Удалгүй 2017 оны 1-р сард Норвеги, Энэтхэгийн засгийн газар, түүнчлэн Британийн “Wellcome Trust”, Дэлхийн эдийн засгийн форум, Билл & Мелинда Гейтсийн сан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Давост байгуулагджээ (https://cepi.net/about/whoweare/). Энэ нь нарийндаа өөрийн үйл хэрэгт тууштай, өөрийн нөөц боломжид итгэсэн Билл Гейтсийн үйл хэргийг бодлогын түвшинд зөвшөөрч эхэлсний илрэл байв. Тууштай гэхийн учир нь тэрээр Pfizer BioNTech-ийг холбох зэргээр судалгааг зах зээлтэй холбох, санхүүжүүлэх зэрэг ажлыг хийхээс гадна, судалгааны байгууллагуудын үр дүнгээр иргэдийг итгүүлэх ажлыг дэлхийн аж үйлдвэр хөгжсөн улс оронд давхар хийдэг, цаашлаад улс төрчдийн хамтаар алсуур нь бэлтгэл ажлыг зохион байгуулж, үр дүнг нь хүлээж чаддагаас харагддаг. Энэ утгаараа тэрээр геостратегич хүн юм. Иргэдийг нийтээр нь итгүүлэх ажилд эрдэмтдийг ашиглах нь өдгөө шалгарсан аргад тооцогддог нь тэд өөрийн карьераар босгож ирсэн “шинжлэх ухаан” гэх идеологийн пирамидаа бүх амбицаараа хамгаалдагтай холбоотой. Анагаах ухаан гэсэн эрдмийн өргөөг зорих замаар өгсч мастер, докторын судалгаа хийн зовж хүрсэн карьерийн шатан дээр бат зогссон эмч нарын ихэнхи нь эм зүйн зах зээл яаж ажилладаг болохыг мэддэггүй. Хорт хавдрын оношлогоо, эмчилгээний сүүлийн үеийн судалгаа, ДЭМБ-ын зөвлөмж зэргийг бахархан ярьж цаг алдаж болохгүй гэж шавдуулан эмчилгээ хийхээр яаруулах эмчдээ хувь заяандаа гутран цөхөрсөн өвчтөн эмчилгээний арга барилд нь эргэлзсэн “буруу” асуулт тавиад, цагаан киттель шиг ариун сэтгэлд нь “юм” хийчих болов уу гэсэн айдастай болох хүртлээ эрүүл мэндийн салбар доройтжээ. Тогтсон эмчилгээгээ үргэлжлүүлбэл ойрын хэдхэн жилд амиа алдагдсдын эгнээнд орон, тогтсон статистикийн нэг үзүүлэлт болохоо тааж мэдэхгүй өвчтөнийг буруутгах бас хүнд. Хорт хавдрыг 2 дахь элэгний онолоор тайлбарлах гэх мэтийн “alternativ” эмчилгээний олон судалгаа байдаг, өөр өнцгөөс хорт хавдрыг тайлбарласнаар эмчилгээнд томоохон амжилт гаргасаар ирсэнийг харанхуйд суугаа иргэд маань хаанаас ч олж мэдэх билээ. Гэхдээ л “хэдхэн” төгрөгөөр хөрөнгө оруулж байшин барихдаа хүн бүхий л баримтыг хайж эрсдлийг нь тодруулан няхуур ханддаг атлаа хамгийн үнэтэй зүйл — амь насаа бусдад ийм гэнэн даатгадаг байж болно гэж үү? Монгол улсад эмч нар өөр эмчилгээний судалгаа байдгийг зүүдлэх ч үгүй байдгийг бас яалтай билээ. Харин барууны оронд бол ийм зүйлийг гадарладаг ч өвчтөндөө хэлдэггүй гайхмаар гажууд явдал эрүүл мэндийн тогтолцооноос болж бугшсан жишээг уншихыг хүсвэл: Lothar Hirneise: “Дэлхий хавтгай бөгөөд химийн эмчилгээгээр хорт хавдрыг эмчилдэг (Chemotherapie heilt Krebs und die Erde ist eine Scheibe”; Ruediger Dahlke: “Krebs, Wachstum auf Abwegen”; түүнчлэн эш татсан Sven Böttcher: “Rette sich, wer kann”.

ДЭМБ,CEPI, Gavi тулгууртай COVAX нь Ковид19-ийн вакцинийг дэлхийн иргэн бүрт шударгаар хүргэх уриатайгаар 2020 онд байгуулагджээ. Үүсгэн байгуулагчид нь ДЭМБ, Европын холбоо, Франц байв. Gavi, SEPI -д засгийн газрууд вакцин үйлдвэрлэгчид, хувийн секторууд багтдаг жишгийг дагав. Герман 675 сая, Европын холбоо 500 сая, Франц 100 сая еврогийн санхүүжилт гаргасан гэдэг. Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг энэ байгууллагад элсүүлэхгүй шалтгааныг COVAX-д тэргүүлэх үүрэг роль гүйцэтгэж буй ДЭМБ -аар дамжуулан Хятадын нөлөө хэт их орсонтой холбон тайлбарлаж байв (https://de.wikipedia.org/wiki/COVAX).

“Эм зүйн үйлдвэрлэлийг тойрсон бүлэглэл” буюу “Medical-Industrial-Complex”-т ямар субъектүүд оролцдог, хэрхэн бие биесээ олж нэгддэгийг одоо Уншигч авгай бага ч болов төсөөлж байгаа гэж найдаж байна. Үүнийг ахин тодруулах зорилгоор дээр цухас дурдан өнгөрсөн зарим байгууллага (Event 201), өнөөгийн үр дүнг дэлхийд болж өнгөрсөн үйл явдалтай холбон тайлбарлахыг хичээе. Үүгээр сэдвийн хүрээ геополитик буюу -стратеги болон тэлэх бөгөөд олж мэдсэн зүйлээр ямар дайн дэлхийд өрнөх гэж байгааг гадарлах билээ. Ашигласан эх сурвалжид Paul Schreyer -ийн “Анхааруулсаар ирсэн хямралын он цагийн дараалал” гарчигтай вирусээр дэлхийг хэрхэн өөрчилсөн тухай судалгаа (Chronik einer angekündigten Krise — Wie ein Virus die Welt verändern konnte), Hermann Ploppa, Norbert Häring, Zbigniew Brzezinski нарын бүтээлийг түлхүү ашиглав.

“The Great Reset”

Корона вирусээс болж эдийн засгийн уналтад орсон тул үүнээс гарах гарцыг вакцинжуулалтаар эхлэе, цаашлаад улс төрчдийн уриалдаг ч үндэстний хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй гацсан асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх ДАЙН одоо эхлэх гэж байна (“The Great Reset”). Дэлхийн эдийн засгийн чуулганаас бэлтгэсэн сурталчилгааны цомхон бичлэгт энэ ажлыг компьютерийн унтрааж асаах товчийг дарахтай зүйрлүүлжээ. Үйлдлийн систем нь гацаад ажиллахгүй болчихсон компьютерээ унтраахаас аргагүй болсон тул “Reset” товчлуурыг дардагтай эдийн засгийн өнөөгийн төрхийг жишиж байхад юун дайн яриад унав гэж үү?

6. Вакцин хийлгэх үү, эс хийлгэх үү? Шийдвэр гаргахад баримжаа авах хуульчийн зөвлөгөөнөөс

(Үргэлжлэлийг зохиогчийн The Great Reset (Lock Down 2), Хуульчид PCR-оношлуурын эсрэг (Lock Down 3), Корона вирусыг улс төрийн зэвсэг болгосон уу? өгүүллүүдээс үргэлжлүүлэн уншина уу!)

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — —

[а] https://de.wikipedia.org/wiki/Milit%C3%A4risch-industrieller_Komplex

[б] Köhnlein: “fatale Corona-Experimente” der WHO

https://www.youtube.com/watch?v=0JcVglSdQ-c

[в] Bhakdi: Corona Wahn ohne Ende

https://www.youtube.com/watch?v=_Hc-kyU4M0I&t=679s

[г] https://www.rki.de/DE/Content/InfAZ/N/Neuartiges_Coronavirus/Steckbrief.html

[д] https://www.youtube.com/watch?v=mPM1CZlvN10

[е] “This man, who calls himself a doctor, is incompetent and dangerous.” http://www.francesoir.fr/politique-monde/interview-exclusive-martin-landray-recovery-hydroxychloroquine-game-over-uk

[ё] http://www.francesoir.fr/politique-monde/recovery-trial-brexit-and-overdose

[ж] Hydroxychloroquin: Erneute Warnung vor Risikien bei Anwendung zur Behandlung von COVID-19

[з] https://www.youtube.com/watch?v=rVr7SFGgpgA

… Мөн вирусний халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтнийг эмчлэхэд зориулж ECMO төхөөрөмж авахыг ДЭМБ зөвлөжээ. Уг төхөөрөмж 350 сяа төгрөгийн үнэтэй бөгөөд нэг өвчтөнд хэрэглэх дагалдах хэрэгсэл нь 37 сая төгрөгийн үнэтэй юм байна. ЭМЯ-аас дээрх төхөөрөмжийг 10 өвчтнийг эмчлэх дагалдах хэрэгсэлийн хамт 720 сая төгөргөөр авах хүсэлтээ Улсын онцгой комисст хүргүүлжээ. Улсын онцгой комисс цугларсан хандиваас дээрх зардалыг нь гаргах шийдэлд хүрчээ… : https://montsame.mn/mn/read/222236

--

--

Nyambaatar Erdenejargal
Nyambaatar Erdenejargal

Written by Nyambaatar Erdenejargal

Эрх зүйч (Diplom Jurist Universität Regensburg, Germany)

Responses (1)