Хуульчид PCR-оношлуурыг эсэргүүцсэн нь (Lock Down 3)

Nyambaatar Erdenejargal
5 min readJan 4, 2021

--

Өнөөдөр дэлхийн хэмжээнд корона вирусийг улс төрийн зэвсэг болгож, хүмүүсийг айдсаар нь дамжуулан эрх чөлөөг дээрэмдэх явдал цадигаа алдав. Энэ нь иргэд мэдээллийг идэвхитэй хайдаггүй, гагцхүү бусдын бэлтгэж өгсөн хайрцагт орон сэтгэдэг болсонтой холбоотой. Идэвхигүй мэдээллийн энэ суваг нь фейсбүүк, твиттер гэх мэт цахим нийгэм, телевиз, сонин гэх мэт мэдээллийн сонгодог хэрэгслүүд, цаашлаад олон улсын гэх сэтэртэй, ДЭМБ мэтийн хувийн байгууллагын зөвлөгөөг дагасан засгийн газар, түүний харъяа байгууллагуудын нарийн нягтлаагүй мэдээллүүдээс бүрдэж байна…

Гэхдээ дэлхийн улс орны иргэд бүгд бидэн шиг хөмөрсөн тогоон дотроо удирдагч нарынхаа тушаалаар гадны зааврыг сохроор биелүүлдэггүй ажээ. Тухайлбал Германд эсэргүүцлийн хамгийн чанга дуу хоолойг эмч нар цуурайтуулав. Тэднийг 2000-уулаа болж нэгдэн харанхуй иргэддээ ухуулга сурталчилгаа хийхтэй зэрэгцээд, сургуулийн сурагчдад маск зүүлгэх, хооронд нь зай барих дүрэм журмыг эсэргүүцсэн 30.000 эцэг эх нэгдэн бүлгэм байгуулан тэмцэх болов. Өмгөөлөгчид ч зүгээр суусангүй, Үндсэн хуулиар олгосон эрхээ хамгаалан тэмцэж эхлэх нь тэрээ. Корона вирусээр айлган харанга дэлдэх хийрхлийг эсэргүүцсэн иргэдийг төр засгаас нухчин дарах бүрт тэдний эгнээ өргөжин тэлж ухаан сэхээрээд, үзэл бодлын дөнгөнөөс зугатах нь олширсоор…

Корона вирусыг оношлох төхөөрөмж болох PCR-Теst-ийг бүтээсэн Берлиний Шарите нэртэй эмнэлгийн дарга Христиан Дростен, бүх Германы Эрүүл мэндийн яамны харъяанд багтдаг, халдварт өвчинтэй тэмцэх дээд байгууллага болох Роберт Кох Институтийн тэргүүн Хайнц Вийлер нар нь ДЭМБ -тай хамтраад корона вирусыг PCR-Test-ээр оношлох давалгаа үүсгэж айдаст автуулж байгаа явдалтай Германы хуульч Др. Райнер Фюүлмих тэмцэхээр АНУ-д нэхэмжлэл гаргажээ. Ром-Германы эрх зүйн тогтолцоонд байдаггүй иргэний нэхэмжлэлийн нэг төрөл болох “Class Аction Suits” нь хүчирхэг концернуудын эсрэг сул дорой хохирогчдыг нэгдэн тэмцэх боломжийг олгодог.

Дростен нарын бүтээсэн PCR-Оношлуурыг АНУ-д ашиглаж байгаа явдал нь АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг ийнхүү нээжээ. “Class Action” — нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд нь зарчмын хувьд Америкчууд боловч уг нэхэмжлэлийн онцлог нь хариуцагчийн үйлдлээр хохирсон бусад этгээдийг мөн адил нэхэмжлэгчээр тогтоох боломжтой байдгийг хуульч Др. Фюүлмих ашиглажээ. Тэгэхээр Др. Фюүлмихтэй хамтарч буй АНУ-ын өмгөөлөгч нар Германчуудын оношлуураас болж хохирсон иргэд, аж ахуйн нэгжүүд дэлхийн бусад улс оронд сая саяараа байгааг нэхэмжлэлдээ сануулан, тэднийг нэхэмжлэгчээр давхар тогтоолгох хүсэлтийг гаргах ажээ.

Хэрвээ АНУ-ын шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулбал АНУ-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд үүний ачаар хараат бус шинжээчдийн үгийг сонсох боломж бүрдэж, өнөөдөр Та биднийг мунхруулаад байгаа 160 мянган төгрөгийн үнэтэй PCR-Test нь үнэхээр корона вирусын оношлогоог хийж дийлэхийг мэдэх болно. “Class Action” нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримттай холбоотой онцгой эрхийг нэхэмжлэгчид эдлэдэг учраас, эсэргүү хөдөлгөөнийхөн гэж тамгалуулж ад үзэгдэх болсон ч үнэндээ шинжлэх ухаанд үнэнч үлдсэн жинхэнэ эмч нарын үгийг ийнхүү АНУ-ын шүүхийн хяналтан дор сонсох боломж бүрдэнэ.

Др. Фюүлмих нь АНУ-ын шүүхэд гаргах нотлох баримтад зориулж тактикийн нэгэн арга хэмжээг авахаас аргагүй болсон нь Германы нэхэмжлэгчдийг Германы шүүхэд давхар төлөөлөх ажиллагаа юм. 100 гаруй Германы хуульчдын туслалцаатай Германы иргэний хэргийн 200 шүүхэд ийнхүү зэрэг хохирол нэхэмжилснээр “уламжлалт” сэтгэлгээтэй шүүгч нарын гаргасан шийдвэрийг АНУ-д нотолгооны зорилгоор ашиглах боломж бүрдэнэ. Өнөөдөр нийгмээрээ айдаст автаж эрүүл ухаанаар шийдвэр гаргахаа больсон явдал хүн л болсон хойно шүүгч нарыг ч хамарсныг нуух зүйлгүй. Тэд айдсын сэтгэл зүйгээр хандаж байгааг Германы шүүгч Торстен Шлайф хөндөж байсныг анхаарах учиртай. Сэтгэл хөдлөл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийг мэддэг шүүгч ер нь хэд билээ? Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Мюнхений аюулгүй байдлын конференц мэт олон улсын хэмжээнд боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх гар хөл болж байгаагаа гадарлах шүүгч ер нь бий юу? Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь “но-той” болохыг гадарласан ч шүүгч хүн өнөөдөр шүүмжлэлт байр сууринаас хандахаасаа илүүтэй “корона вирус үнэхээр аюултай вирус биш байж болно. Гэхдээ төр засгаас аюултай гэж байгааг, мөн оношлох багаж нь сайн гэсээр байхад түүнийг нь сөрж өөрийгөө асуудалд унагахын хэрэг юун” гэсэн аминчхан сэтгэлээр хандаж байгааг шүүгч Шлайф хэлэхээс эмээсэнгүй…

Хуульч Др. Фюүлмихийн нэхэмжлэлийн шаардлага нь товчхондоо PCR-оношлуураар залилж, бизнес эрхлэгч олон этгээдэд хохирол учруулсан тул уг хохирлыг гаргуулахад чиглэж байна (Германы ИХ 826-р зүйл). Залилах үйлдлийг тэрээр давхар залилан гэж тодотгосон нь нэг талаас, шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүс вирусыг цаашид тараадаг гэсэн мэдэмхийрэл, нөгөө талаас энэхүү халдварыг PCR-оношлуураар тогтоох боломжтой гэсэн худал дүгнэлтүүдийг хэлсэн хэрэг. Гэтэл эерэг гэж оношлогдох нь цаашид халдвар тараадаг гэсэн үг ч биш гэнэ (оношлох үйл ажиллагааны тухай болон бусад гажуудлын тухай эндээс үзэж болно!). Цаашлаад Корона вирусээр амиа алдах эрсдэл нь 0,14 хувь буюу ердийн ханиадны ижил байтал маш аюултай цар тахал болгож байгаа нь яалт ч үгүй улс төрчид коронаг “ямар нэг зүйлд” ашиглах хэрэгсэл болгосныг илтгэнэ.

Др. Фюүлмих нь АНУ-ын Невада, Тексас муж улс дахь өмгөөллийн нөхөрлөлүүдээр дамжуулан тэмцэж байгаа бөгөөд энэ тэмцэлд Австри, Их Британи, Иордан, Бразиль, Канад, Польш, Австрали, Израиль, Финлянд, Испани, Өмнөд Африк, Намибийн өмгөөллийн нөхөрлөлүүд нэгджээ. Ийнхүү нэгдсэнээр эдгээр улс орны аж ахуй эрхлэгчдийг АНУ-ын шүүхээс гарах тогтоолд нэхэмжлэгчээр тусгаж хохирлыг нь барагдуулах болно. Онолын хувьд Монгол улсаас ч энэ үйл ажиллагаанд нэгдэх боломж бий… Хариуцагч нар нь Германд, шүүх хурал нь АНУ-д, нэхэмжлэгчид нь дэлхийн өнцөг бүрээс. Иргэний эрх зүйд ийм түүхийг урьд өмнө бичиж байв уу?

АНУ дахь шүүх хурал удаан хугацаанд сунжрах нь мэдээж. Шүүхийн шийдвэр гарах үед хэдийнэ бүх зүйл болоод өнгөрнө. Цаг хугацаатай хамт алдсан боломж ахиж ирэхгүй… Дээр нь өнөөгийн төлөөллийн ардчилал нэрийн дор дарангуйллын систем бий болсныг бид мэдэн цочролд орох болно…

Эрх зүйн хариуцлагын мехнизмд хууль тогтоогчийг эсвэл засгийн газрын тэргүүний улс төрийн шийдэлд хариуцлага хүлээлгэдэггүй. Энэ тогтолцоог шийдвэр гаргагчид яаж ийгээд ашиглах ч байх. Хариуцлага хүлээлгэх энэ хүндрэлтэй зэрэгцээд дэлхийн ихэнх улс орон PCR-оношлогоо хийх, маск зүүлгэх, эрх чөлөө хязгаарлах, нийгмээр нь хорих буюу тэг зогсолт хийх гэх мэт арга хэмжээг ард түмний бус харин бизнесмен этгээдүүд буюу ард түмнээс сонгогдоогүй Билл Гейтс мэтийн нөхдүүдийн заавраар хэдийнэ хийчихсэн байгааг яалтай вэ? Нягтлаагүйгээрээ дотоодын улс төрчид буруутаад, эцэстээ хариуцлага хэн ч хүлээхгүй бүх зүйл өндөрлөх үү?

Эх газрын эрх зүйн тогтолцоотой улсууд дундаа жишиг болсон Герман улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоох үйл ажиллагаанд ингэхэд яагаад Др. Фюүлмих итгэсэнгүй вэ? Энэ нь түүний хуримтлуулсан бараан туршлагатай холбоотой. Тэрээр өмнө нь Германы Фолксваген автомашины дизель хөдөлгүүрээс ялгаруулах бодисын шинжилгээнд залруулга хийсэн хэрэг дээр хэрэглэгчийг төлөөлж байсны хувьд Германы эрх зүйн тогтолцоо нь улс төрийн үйл ажиллагаанаас хараат болохыг анзаарчээ. Ялангуяа хэрэглэгч гэх мэт өчүүхэн иргэн эдийн засгийн аварга хүчтэнтэй тулвал Үндэсний эрх зүйн тогтолцоо нь найдвартай хамгаалалт болдоггүй байна. Германы Нийдерсаксен муж улсад оршдог Фолксваген концернтэй маргахад эрх зүйт төрийн зарчим, хүчин төгөлдөр хуульд захирагдахаас илүүтэй хэрэгт хамаагүй (улс төр эдийн засгийн гэх мэт) тайлбарыг хэрэг шийдвэрлэх гол хүчин зүйл болгож байсан гэдэг.

Др. Фюүлмих Германы Франкфурт хотод орших Дойче Банктай мөн заргалдаж явсан бөгөөд энэ хэрэгт мөн л хууль ёсны зарчмаас илүүтэй “тус банктай холбоотой дуулиан банкны системд хортой нөлөө үзүүлэх” мэтийн шалтгааныг зааж хариуцагч хэргээс мултарч байсныг сануулахад нь эр зоригтой энэ хуульчийн ярилцлагыг төгсгөлд нь хүргэн сонсож дийлээгүй билээ...

Корона вирусын тухай зохиогчийн шүүмжлэлт байр суурийг сонирхох бол:

  1. Корона вирусыг улс төрийн зэвсэг болгосон уу?
  2. The Great Reset (Lock Down 1)
  3. The Great Reset (Lock Down 2)

Эх сурвалжууд:

Др. Райнер Фюүлмихийн ярилцлагууд, АНУ-д нэхэмжлэх гаргах боломж,

Др. Торстен Шлайфын ярилцлага

--

--

Nyambaatar Erdenejargal
Nyambaatar Erdenejargal

Written by Nyambaatar Erdenejargal

Эрх зүйч (Diplom Jurist Universität Regensburg, Germany)

No responses yet