Зээлийн гэрээний маргаан (1)
УДШ-ийн 2020.04.16-ны зөвлөмжид зээлийн гэрээтэй холбоотой зарим асуудлыг хөнджээ. Тухайлбал зээлийн гэрээний, түүнчлэн нэмэгдүүлсэн хүүгийн эрх зүйн мөн чанар юу болох, алдангийг хуульд зааснаас их хэмжээтэй тогтоох нь ИХ 56.1-ийг зөрчих эсэх, Батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээх гэсэн нь ямар утгатай болох, түүнчлэн хамтран үүрэг гүйцэтгэхийг хэрхэн ойлговол зохих зэрэг хууль зүйн маргаан бүхий асуудлуудад байр сууриа илэрхийлсэн байна.
- Зээлийн гэрээний мөн чанар
Зээлийн хүүг зээлийг ашигласны хариу төлбөр буюу зээлийн үнэ гэж зөвлөмжид тодорхойлсныг үзэхэд, зээл олгох ба хүү төлөх үүргүүд нь харилцан солилцох үүргүүд буюу ИХ 209-р зүйлд заасан шинжтэй ажээ (“Synallagma”). Тогтож байгаа практикаас харахад Зээлдэгч нь хүү төлөхөөс гадна баталгаа гаргах үүрэг хүлээдэг тул энэ үүргийг мөн адил хариу үүрэг гэж үзэх ёстой байна. Цаашлаад зээл олгох үүрэг ба олгосон зээлийг хүлээн авах үүрэг ч мөн ийм үүрэг юм (Palandt, 2006, Einf v § 488, Vorb Rdn 2). Ийнхүү Монгол улсын иргэний эрх зүйн практикт зээлийн гэрээг бодит гэрээ (“Realkontrakt”) гэж үзэж ирсэн уламжлал (Э. Авирмэд нар, БНМАУ-ын төр эрхийн үндэс, 1966 он, 260) халагдсан байна. Зээлдэгчид зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийг байгуулсанд тооцох ИХ 282.4 нь гэрээний мөн чанарыг илэрхийлэхээсээ илүүтэй гэрээ байгуулагдсан эсэхэд маргах үед хэрэглэгдэнэ.